Стандарт бус хүүхдийн гадаад талбайн тоглоом,талбайг хянах,зогсоох шинэчлэх шаардах бичиг

This petition had 12,845 supporters

The Issue

 

Намайг Нэмэхбаяр гэдэг. Би  дүүгийнхээ, түүний найзуудын аюулгүй байдалд санаа зовж буй, нйигмээс өөрчлөлтийг хүсэж буй эгэл жирийн оюутан. Тиймээс Монгол Засгийн Газраас яаралтай арга хэмжээ авна уу хэмээн доорх шаардах бичгийг бичин, та бүгдийн дэмжлэгийг хүсэж байна. Анхааралтай уншаад гарын үсгээ зуран өөрчлөлтийн хөдөлгөөнд нэгдэнэ үү.


Ойрын хугацаанд би Монгол дахь хүүхэд залуучууд, тэр дундаа бага насны хүүхдүүдийн эрхийг тойрсон хэргүүд, гаргасан шийдвэрүүд болон нийгэм хэрхэн хандсан талаарх мэдээллүүдийг уншиж суухдаа өөрийн эрхгүй бухимдаж суулаа. Бид чухам л “Өнгөрсөн борооны араас цув нөмөрдөг” хүмүүс юм байна. Өдөр тутамдаа энэхүү хэлц үгийг хэлэн хэлсээр хэдэн зууныг өнгөрөөсөн нь тодорхойгүй. Амнаас ам дамжиж ирсэн энэ хэлц өнөөдөр монголын нийгмийг илүү дутуу үггүйгээр тайлбарлаж байгаа нь харамсмаар. Гэхдээ нэг юм бий. Монголын нийгэм гэхээсээ илүү энгийн ард иргэдээс илүү эрх мэдэл, албан тушаал дээр суудаг хэдэн “мундаг” гэх мэдэлтнүүдэд энэхүү үг илүү хамааралтай.

11 настай хүү хөлбөмбөгийн хөндлөвч төмрөнд дарагдан амиа алдсан гэхэд юуны түрүүнд дүү минь бодогдов. Дүү минь бас л хөл бөмбөгийн хорхойтой, хаана ямар л талбай байна, тэнд тоглож явдаг нэгэн. Хичээл нь амарчихсан, гэртээ суухаас илүү гадаа үеийн найзуудтай тоглохыг хүсдэг тийм л хүүхэд. Би ч багадаа тийм байсан, та ч тийм байсан. Хүүхэд насны жаргал баярын нэг нь юм шүү дээ. Тоглож наадахийг хүссэн хүүхдэд буруу байхгүй. Гэтэл өчигдөр мэдээ уншиж суухдаа 79-р сургуулийн захирал Ш. Болор-Эрдэнэ гэдэг хүн тайлбар өгөхдөө талийгаачийг ар гэрийн хяналт султай хүүхэд байсан, сургуулиар сэлгүүцээд явж байсан юм байна лээ хэмээн хэнэг ч үгүй хэлэхийг сонсоод би гайхлаа. Мэдээж эцэг эхийн хараа хяналт чухал байлгүй яахав. Гэхдээ ямар ч эцэг эхийн санаанд үр хүүхдээ гадаа тоглоод төмрөнд даруулж нас барчихна гэсэн бодол орж ирэхгүй, тэгж ч гаргахгүй. 11 настай тоглоомондоо улайрчихсан жаахан хүү тэр хаалганы шон нь алга болсныг яаж анзаарах вэ дээ. Гэтэл өнөөдөр уг хэргийг сонссон хүмүүс асуудлын бурууг эцэг эхийн хараа хяналтанд, сэлгүүцэн хөл бөмбөг тоглосон хүүд тохож байна. Өчигдөр Боловсролын сайд өнөөх Ш. Болор-Эрдэнэ-г халах арга хэмжээ авах юм гэнэ. Нэг ч гэсэн хүнд шийтгэлийг нь өглөө хэмээн нийгэм баярлаж байна. Нийгэм хууртагдсаар л...

Өнөөдрөөс 2 долоо хоногын дотор бидний нийгэм энэ хэргийг мартана. Яг л өмнөх шигээ. Замын-Үүдээс алга болсон Сэржмядаг охиныг мартсан шигээ, хүчирхийллээс болж амиа алдсан өдөөсхөн жаахан охид хөвгүүдийг мартсан шигээ, тоглоом нь хугараад толгой нь хагарсан хүүхдүүдийг мартсан шигээ, зун болоход өвлийн утаагаа мартдаг шигээ нийгэм мартана.

Өнөөдөр гэхэд л энэ хэргүүд хуучирчихсан байна. 20 минутын өмнө би “Өнөөдрийн Сонин”-г гарчиглаж суухдаа сонингийн 3 нүүр дамнан наадмийн бөхийн барилдааны маргааны тухай, УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгснийг уншиж суув.Бөхийн өргөө-рүү Л.Чинбат тэргүүтэй хүмүүс зэвсэглэн дайрсан л гэнэ. Допин л гэнэ. Их л чухал бололтой. Хэдэн сая, тэрбумаар баярладаг өнөөх Наадам нь хаяанд тулсан нь энэ аж. 1000 бөх ардаа дагуулсан Баянмөнх аварга төр хохирол амсана гэж хэлсэн гэнэ дээ. Энэ нийтлэлийг уншчихаад цахим нийтлэлээс нэгийг уншив. Өнөөдрөөс паркын зургаан тоглоомыг хааж бусдыг нь ажиллуулж эхэлсэн гэнэ. Ингээд л мартагдаад эхэллээ.

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн аюулгүй байдал алдагдсан, эрх нь зөрчигдсөн өч төчнөөн хэрэг гарсан. Тухайн үедээ хар салхи шиг дайраад бужигнаад өнгөрснөөс өөрцгүй. Ил болсон цөөн хэдэн хэрэг нь энэ. Олны нүднээс далд өч төчнөөн аймшигт хэргүүд зөрчлүүд байгаа нь гарцаагүй. Асуудлыг шийдэх гарц нь юу байна вэ? Хэдий болтол бидний нийгэм гэмгүй үрсээ хохирогч болгох вэ? Бид асуудлын өнгөцхөн шийдэлд өөрсдийгөө хууран мэхэлж байна.

Өөрийн мэддэг нэгэн түүхээ хуваалцая. Голын эрэг дээр байсан хүмүүс усанд живж буй нялх хүүхдийг олж хараад шумбан орж авав. Төд удалгүй, өөр олон нялх хүүхдүүд урсан живэн ирцгээж эрэг дээр байсан бүх хүн чадлынхаа хэрээр аварцгааж эхэлжээ. Гэтэл нэг нь тэднийг орхин цааш алхаж эхлэхэд уурссан хүмүүс хашгиран “Хаашаа явна вэ? Бидэнд туслаач” хэмээхэд өнөөх хүн ийн хэлсэн гэдэг. “ Голын эх рүү очиж хэн хүүхдийг шидэж байна, түүнийг зогсооё”.

Яг л үүнтэй адилхан бид асуудлийн эх рүү биш, асуудлын хохирлыг аргацааж байна. Паркад тоглоом хугарахад л Мэргэжлийн Хяналтын Газрынхан ирж шалгалт явуулж байна. Хүүхдийн амь эрсдэхэд сая л нэг ухаарсан мэт тоглоомын талбайнуудыг шалгалж эхэллээ. Сэржмядаг охин нь алга болох үед камержуулалтын асуудал дурдагдав. Энэ бүхний эх нэг зүг рүү чиглүүлээд байна.

Бүгд хот тохижуулалт, Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай холбогдож байна. Би Засгийн газрын эсвэл нийслэлийн байгууллагууд яг хэний дор ажилладаг, хянагдах ёстойг мэдэхгүй. Энэ талаар хангалттай мэдээлэл байдаггүй юм байна. Гэвч Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар НМХГ болон Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Газартай хамтран орон сууц, гэр хороолол, парк, сургууль цэцэрлэгийн эргэн тойрон дохь хүүхдийн задгай тоглоомын тоглоомуудыг шалгаж, стандарт хангаагүйг нь буулгаж шинэчлэн, цаашид СӨХ буюу Сууц Өмчлөгдийн Холбоо болон сургууль, цэцэрлэгийн удирдлагууд тогтмол бие даан шалгалт хийх тушаал уриалга гарган, сар бүр тогтмол шалгалт хийхийг шаардаж байна.

Ганц уучлалтаар, хэн нэгэн ажлаас халагдсанаар энэ бүхэн дуусчихгүй. Бид системийг, эх сурвалжийг нь өөрчлөх хэрэгтэй. Тиймээс би өнөөдөр дуугүй суухгүй байхаар шийдэж энэхүү шаардах бичигт гарийн үсгээ зуран Монголын мянга мянган хүүхдийн аюулгүй байдал, эрхийг төлөө тэмцэх болно.

Хүүхэд айдасгүйгээр тоглон наадаж өсөх эрхтэй. Өнөөдөр дүү минь гэрээсээ гараад гэрийнхээ гадаа, сургуулийнхаа орчинд аюулгүй тоглоод ороод ирнэ гэсэн баталгаа алга. Таны хүүхэд аюулгүй байх баталгаа алга. Бид борооноос урьтаж цуваа өмсөж сурах хэрэгтэй. Бид баяр наадам хэмээн сатаарагдахаа болих хэрэгтэй.

Би юу болсныг мартахгүй. Та мартах ёсгүй. Бид мартаагүй, бид мартахгүйг төр засаг ойлгох цаг нь болсон.

The Decision Makers

“Нийслэлийн Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ
“Нийслэлийн Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (НМХГ)
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (НМХГ)
http://ub.inspection.gov.mn/
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар
http://www.fcy.gov.mn/mn/index.php

Petition Updates

Share this petition

Petition created on June 22, 2018